Эко сургууль хөтөлбөрийн батламж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

2018-02-12


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тогтвортой хөгжлийн төлөө идэвхитэй ажиллаж байгаа 45 эко сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сурагчдын хүрээлэн орчны судалгаа шинжилгээ хийхэд зориулагдсан 4 сая төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг олгох батламж гардуулах үйл ажиллагаа манай төвийн хурлын танхимд боллоо.

                     

 
БОАЖЯ, БСШУСЯ хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оноос Тогтвортой хөгжлийн боловсрол төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үндсэн зорилго нь Тогтвортой хөгжлийн боловсролыг Монгол Улсын Ерөнхий боловсролын системд нэвтрүүлж тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд оршдог. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд олон улсын эко сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эко сургууль хөтөлбөр гэдэг нь Байгаль орчны менежментийн систем ISO 14001 стандартад суурилсан Тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм. Манай улсад одоогоор нийт 255 ерөнхий боловсролын сургууль эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд элсэн, сургалт үйл ажиллагаанд хамрагдсанаас 45 сургууль өөрсдийн идэвх санаачилгаараа амжилттай ажиллаж Ногоон туг, Мөнгөн гэрэгэ, Хүрэл гэрэгэ өргөмжлөл гардан аваад байгаа. Төслийн хүрээнд 2016 онд сургуулийн орчинд ногоон орчныг бий болгоход чиглэсэн Ерөнхий боловсролын 5 сургуулийн төслийг дэмжин ажилласан. Үүнд: 1.Нийслэлийн Оюуны тулга сургуулийн “Эрүүл амьдралын чиг хандлага”, 2.Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн “Таван дэлбээ”, 3.Баянгол дүүргийн Шинэ эхлэл лаборатори сургуулийн “Тогтвортой хөгжлийг дэмжигч-Ногоон эхлэл”, 4.Чингэлтэй дүүргийн Шинэ Эрин олон улсын лабаротори сургуулийн “Ус бол алт 2030”, 5.Ховд аймгийн Жаргалант сумын 1-р лаборатори ахлах сургуулийн “Эрчим хүч-эко орчин” зэрэг болно. 2017 онд шинээр эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд Архангай, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 сургуулийн нийт 1559 удирдлага, багш, сурагчид сургалтад хамрагдсан байна.

                       

                       


                         
Бүх мэдээ