“НОГООН ПАСПОРТ” АЯНЫ МАНЛАЙЛАГЧДЫГ ТОДРУУЛЛАА

2018-06-21

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хандлагаа өөрчилье” санаачилга гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аян өрнүүлсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн уг аяны явцад сурагчдын дунд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэг хийх, Эко клубын багш нарын дунд шилдгийн шилдгийг шалгаруулах уралдаан зарласан. Энэхүү уралдааны шилдгүүдийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр хүлээн авч, шагналыг нь гардууллаа.
Олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэгийн уралдааны тэргүүн байрыг 52-р сургуулийн экоклубийн бүтээл, дэд байрыг 15-р сургуулийн бүтээл, гутгаар байрыг 29-р тусгай дунд сургуулийн бүтээлүүд тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон бол багш нарын дунд зохион байгуулсан уралдаанд 29-р сургууль, 60-р сургууль,127-р сургууль, Амгалан цогцолбор сургууль, Эрдмийн өргөө сургууль, 34-р сургууль, 17-р сургууль, 119-р сургууль, 12-р сургууль зэрэг сургуулиудын экоблубийн багш нар шилдэгээр тодорлоо.

БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбат:

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уралдаанд оролцож, шагнал гардагсдад баяр хүргээд “Ногоон паспорт аян маань байгаль дэлхийгээ хамгаалах томоохон ажлын эхлэл гэж би харж байгаа. Энэхүү аянд идэвхтэй оролцож, үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдадаа баяр хүргэе. Та бүхэн бол Монголын ирээдүй. Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нар маань энэ аяныг сайшаалтайгаар хүлээн авч, эко клубээ идэвхижүүлэн сурагчдаа манлайлан оролцсонд талархаж, баяр хүргэе. Ирээдүй хойчоосой зээлж хэрэглэж байгаа байгалийн баялгаа хойч үедээ үлдээх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилсан. “Ногоон паспорт” эзэшиж байгаа сурагчдаар дамжуулан байгалиа хамгаалах уриалга дэвшүүлснээр бид 2030 он гэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоо гаргасан” хэмээлээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубынхны дунд зарласан “Ногоон паспорт” аян ийнхүү өндөрлөж байгаа юм. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарлах юм.

Бүх мэдээ