"Ирвэс хамгаалах" өдөрлөг зохион байгуулагдана.

2018-10-12

“ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ УДИРДАМЖ
 
НЭГ.  Зорилго үндэслэл
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3.1.1 дэх хэсэг, Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт “Иргэдэд экологийн боловсрол олгож амьдралын зөв дадал төлөвшүүлнэ”, Нийслэлийн Байгаль орчны газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дунд байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, мөрдүүлэх, иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах” зорилтуудын хүрээнд Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдрийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ-ыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд энэ онд “БИД ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН” уриан дор “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөлөө.
                              
ХОЁР. Хамрах хүрээ, оролцогчид
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын “Эко клуб”-ын ахлах дунд ангийн сурагчид болон удирдагч багшийн хамт оролцоно.
ГУРАВ. Хугацаа
            Дэлхийн ирвэс хамгаалах өдрийг угтсан өдөрлөг арга хэмжээ нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны бямба гаригт 10:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд хөтөлбөрийн дагуу явагдана. /хөтөлбөрийг хавсралт 1-ээс үзнэ үү/
ДӨРӨВ. Тавигдах шаардлага
          Арга хэмжээнд оролцогчид дараах шаардлага тавигдана. Үүнд:
  1. Нэг сургуулиас нэг баг оролцоно. /эко клубын сурагчид удирдсан багш нарын хамт/
  2. Оролцогчид заавал удирдагч багшийн хамт оролцох ба сурагчдын аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах асуудлыг тухайн сургуулийн захиргаа болон удирдагч багш нар хариуцна.
  3. Оролцох сургууль мэдүүлэг буюу хариуцсан удирдагч багшийн нэр, утасны дугаар оролцогчдын тоог 2018 оны 10-р сарын 18-ны 17:00 цагаас өмнө ажлын цагаар 99057029 дугаарын утсаар холбогдон бүртгүүлсэн байна.
  4. Оролцогчид цагтаа цугларсан байна.
  5. Оролцогчид нэн ховор амьтан болох цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын талаарх өгөгдсөн мэдээлэл болон бусад мэдээллийг судлан танилцсан байна. /мэдээллийг хавсралт 2-оос үзнэ үү/
  6. Өдөрлөгт оролцогчид гарын доорх материалаар цоохор ирвэсийн өнгө төрхийг илэрхийлэх, түүний экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалахыг уриалсан ямар нэгэн уур амьсгалыг багаараа бүрдүүлсэн байх. Үүнд: Цоохор ирвэсийн өнгө төрх, дүрд хувирах, хувцаслах, баг /маск/, обручка зүүх, нүүр хувиргах, уриа, лоозон, бөмбөлөг, бөмбөр барих гэх мэт байж болно.
  7. Эко клуб бүр өөрийн ялгарах таних тэмдэгтэйгээ оролцоно /сургуулийн дугаараа бичсэн пайз, туг, бүч, хувцасаар жигдрэх гэх мэт байж болно./  
ТАВ. Шагнал урамшуулал
          Ирвэс хамгаалах өдрийг угтсан өдөрлөгт идэвхи санаачлагатай оролцож, тавигдсан шаардлага, шалгуурыг бүрэн хангаж цоохор ирвэс, түүний экологийн ач холбогдлыг таниулах, хайрлан хамгаалахыг уриалахад өндөр хувь нэмэр оруулсан эхний 3 сургуулийн эко клубыг шалгаруулж байр эзлүүлнэ.
          I байр 500.000
          II байр 300.000
          III байр 150.000 төгрөгийн эрхийн бичиг буюу эко клубын үйл ажиллагаандаа зарцуулах төсөл санхүүжүүлэх эрхийг олгоно.
          Өдөрлөгт оролцогч хүүхэд тус бүрт дурсгалын зүйл гардуулна.
ЗУРГАА. Зохион байгуулагчид
          Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ
ДОЛОО:  Үр дүн
Өдөрлөгийн үеэр дүрс бичлэг, дрон, мэргэжлийн зурагчин болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд сурталчилан таниулах, түүний хамгаалалд дуу хоолойгоо нэгтгэж байгааг илэрхийлсэн зураг, видео, шторк, сурвалжлагуудыг бэлтгэн олон улсад болон нийгмийн сүлжээгээр олон нийтэд уриалах болно.
Тус арга хэмжээ нь Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн талаар таньж мэдэх, судлан сонирхох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, хайрлан хамгаалах ач холбогдол, хуулийн мэдлэгийг  оролцогч бүрт олгох ач холбогдолтой юм.  
 
 
Бүх мэдээ