Япон-Монголын байгаль орчны бодлогын 10 дахь удаагийн хэлэлцээр боллоо

2016-12-07

Япон улсын Байгаль орчны яам болон Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Япон-Монголын байгаль орчны бодлогын 10 дахь удаагийн хэлэлцээрийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 11 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 
Энэхүү хэлэлцээрийн үеэр өнгөрсөн онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн одоогийн явц, үр дүн цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, БОАЖЯ-ны шинэ бүтэц болон 2016-2020 он хүртэл баримтлах гол бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан.
                                           
​Мөн хоёр яамны хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон түүнд дасан зохицох төслийн үр дүнгийн талаар болон цаашид хэрхэх талаар санал бодлоо солилцлоо. Харин Монголын талаас Япон улсын санал болгосон Ази-Номхон далайн бүсийн орнуудын нэгдсэн сүлжээнд нэгдэн орохоо илэрхийлсэн бол Японы талаас Хоккейдо, Саппоро, Улаанбаатар хотуудад төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр тандалт хийж нүүрсхүчлийн хийн ялгарал багатай хотыг бий болгох боломжийн талаар танилцуулсан. Үүнээс гадна Монгол улсад мөнгөн усны хэрэглээг багасгах чиглэлээр Японы тусламжтай хэрэгжүүлсэн судалгааны үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцаж хамтарч ажиллах боломжтойг талууд тэмдэглэсэн. Мөн Монголын жижиг уурхай болон түүний ойр орчмын газар дахь мөнгөн усны бохирдлын асуудлаар Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг хоёр тал онцолсон юм. 

Эх сурвалж: / http://www.eic.or.jp/news/?act=view&serial=37997&oversea=0/ 
Зураг: БОАЖЯам, ХМАлба

Бүх мэдээ