“Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?-2016” тэмцээн зохион байгуулагдлаа

2016-12-17

        “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?-2016” тэмцээнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Их Сургуулийн Биологийн тэнхим, Монголын Ботаникийн нийгэмлэг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/ хамтран амжилттай зохион байгууллаа. 
     Тус уралдааныг нээж ерөнхий зохион байгуулагч МУИС-ийн Биологийн тэнхим Ургамал судлалын хөтөлбөрийн багш доктор, проф Б.Оюунцэцэг, Д. Суран нар үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? тэмцээн маань 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Анх МУИС-ийн 2 оюутан Америк улсад явж байхдаа тус тэмцээний санааг гаргаж 2011 оноос эхэлж зохион байгуулж эхэлсэн бол өдгөө 6 сургуулийн 28 баг оролцож жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Энэхүү тэмцээнд оюутнууд маань оролцож байгаа нь ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгэж байгаагаас гадна байгаль орчноо хамгаалах ногоон зангиатнууд маань улам бүр өсөн нэмэгдэж байгааг хараад үнэхээр бахархууштай байна” гэсэн юм. 
    Тэмцээний шүүгчээр МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим Ургамал судлалын хөтөлбөрийн багш доктор, проф Д.Нямбаяр, Ш.Оюунгэрэл, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан докторант О.Мөнхзул нар ажилласан бөгөөд тэмцээний 1-р байрыг МУИС-ийн Ургамал-4 “Avengers” баг 89,6 оноогоор, 2-р байрыг МУИС-ийн Биологи-4 “Pentaploid” баг 80 оноогоор, 3-р байрыг МУБИС-ийн Газарзүй-4 “Tamarix” баг, тусгай байрыг АШУҮИС-ийн Эмзүйн-4 “Adonis” баг тус тус эзэлсэн бол шилдэг оюутнаар МУИС-ийн Ургамал судлалын ангийн 4-р курсын оюутан н.Отгонсүх шалгарлаа. 
      Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол улсын гавьяат багш, профессор Ц.Жамсран оролцож оюутан залууст хандаж сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ цаашид жил бүр тэмцээндээ идэвхитэй оролцохыг хүслээ. 
      Дашрамд дурдахад тус тэмцээний үеэр ургамлын гербарын үзэсгэлэн гарсан бөгөөд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд 7 хоногийн турш дэлгэгдэх тул та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг хүсье.
Бүх мэдээ