"Green talks" анхны уулзалт ярилцлага амжилттай боллоо.

2017-01-23

    Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын төлөөлөгчдийг оролцуулсан “Green talks” сэдэвт байгаль орчны асуудлаар ярилцах цуврал уулзалтыг энэ оноос эхлэн зохион байгуулахаар болсон. Тус уулзалт ярилцлагын хамгийн анхны зочноор Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Ванжин Ву, мэргэжилтэн П.Дарьсүрэн, Клармонт их сургуулийн багш, нийгмийн эрүүл мэндийн магистр Кларэнс Вигфолл, Принстон-ин-Ази байгууллагын төлөөлөгч Виллиам Данфорт нар урилгаар оролцож Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны ажлын явц, зарим үр дүн, мөн агаар шүүлтүүрийн талаар илтгэл тавилаа.
    Клармонт их сургуулийн багш, нийгмийн эрүүл мэндийн магистр Кларэнс Вигфолл нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран жирэмсэн эхчүүд болон нярайд  агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тус судалгаа нь нийгмийн эрүүл мэнд, эм зүй, сэтгэл судлал, технологи гэсэн 4 чиглэлээр явагдах бөгөөд жилийн хугацаанд хэрэгжиж, ирэх жил үр дүнг танилцуулах юм байна. Уулзалтанд оролцсон илтгэгчид хэлэхдээ Монголын төр засаг агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг авах нь тодорхой гэхдээ төр засагт дан ганц найдахаас илүү иргэд өөрсдийгөө агаарын бохирдлоос хамгаалах хэрэгтэй. Жишээ нь утааны эсрэг маск зүүх, гэрийн нөхцөлд агаар цэвэршүүлэгч хэрэглэх гээд өөрсдийн эрүүл мэндийг бид л өөрсдөө хамгаалах нь нэн чухал хэмээн хэлсэн юм.
    Тус уулзалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төсөл, мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөл, агаарын бохирдлын асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж буй төрийн бус байгууллагын төлөөллүүд, Эко-Ази дээд сургуулийн оюутнууд оролцож  сонирхсон асуултандаа хариулт авч харилцан ярилцлага өрнүүллээ.
    ​“Green talks” цуврал ярилцлагын дараагийн зочноор Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант
 улсын элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд болон элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно.
 
         
Бүх мэдээ